
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагас жилд бодит дүнгээр 7.7 хувиар өсжээ. Уул уурхай, түүнийг дагасан тээврийн салбар өсөлтийн 4.7 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Харин инфляц 12 хувьд хүрч, өрхийн бодит орлого буурснаар хэрэглээний өсөлт саарч, худалдааны салбар 0.2 хувиар агшжээ.
Мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлт инфляцад голлон нөлөөлж, зургаадугаар сарын эцэст инфляц 12 хувьд хүрсэн байна. Гадаад цэвэр актив нэмэгдсэнээр мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 25.8 хувьд хүрч эрчимжсэн бол банкны салбарын зээлийн үлдэгдлийн өсөлт 15.9 хувьд хүрч саарчээ.