
Монгол оронд уламжлалт спортын төрлүүдээс гадна хөл бөмбөг, чөлөөт бөх, сагсан бөмбөг, жүдо зэрэг олон спорт хөгжиж байна. Монголын Үндэсний Олимпын Хороо нь Монгол улсад спортыг хөгжүүлэх, олимпизмийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.
Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.
Сүүлийн үед ширээний теннис, жүдо, сагсан бөмбөг, хөлбөмбөг ихээхэн дэлгэрч, монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.
Монголчууд 1990-ээд оны сүүлчээс Японы сүмо бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж ирсэн. 2003 онд Асашёорюү нь анхны монгол Ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь, 2012 онд Ама гуравдахь, 2014 онд Какүрюү 4 дэх монгол Ёкозүна болжээ.
Одоогоор буюу 2025 оны байдлаар Монгол Улсын тамирчид зуны Олимпын наадмаас 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй.
Жүдогийн 100 кг-ийн жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн Олимпын үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.[1] Тэрээр 4 жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүснээр Олимпын хос медальтай Монголын анхны тамирчин болсон. Мөн Олимпын хүрэл медальт Хашбаатарын Цагаанбаатар нь Монголоос төрсөн жүдогийн анхны дэлхийн аварга юм.
Буудлагын төрөлд монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт (одоо Германы иргэн болсон) тамирчин бөгөөд Отрядын Гүндэгмаа нь Олимпын мөнгөн медальтай.
Сонирхогчдын боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа дэлхийн аварга болсон.
Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.
Хүндийн өргөлтийн төрлөөр Мөнхжанцангийн Анхцэцэг 2017 онд Монголдоо анх удаа Дэлхийн АШТ-ий хүрэл медаль авчирчээ.
Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.
2012 оны зуны олимпоос Монгол Улс алтан медаль авч чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртжээ.

