Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

“Claw Topia” тоглоомын газрын үйлчилгээний ажилтан Б.Шижирхуяг: ЭХ ХЭЛЭЭ МАРТСАН ЭЗЭДТЭЙ БОЛЧИХ ВИЙ

Хуваалцах:
FacebookMessengerXTelegram

Л.Түдэв гуай нэгэнтээ “Хүнийг адгууснаас ялгадаг гол зүйл бол хэл яриа. Өөр хоорондоо үг сольдог болсноос хойш хүн хэнд ч, юунд ч дийлдэхгүй амьтан болсон. Хүнээс үг хэлийг нь хасчихвал ердөө хойт хоёр хөл дээрээ босоо зогсдог тарваганаас ялгагдахгүй амьтан байж байх сан биз ээ” хэмээн бичжээ. Үнэхээр ч хэл бол хүн төрөлхтнийг бусад амьтнаас ялгах харилцааны хэрэгсэл төдий бус, үндэстний оршин тогтнол, түүх соёл, сэтгэлгээг үеэс үед өвлүүлэх үнэт өв билээ. Монголын радиогоор өдөр бүр “Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян бэ. Монгол баян” хэмээх танил хоолой эгшиглэдэг байсан цаг саяхан. Энэ үгэнд монголчуудын оршин тогтнох гурван тулгуурыг онцлон өгүүлсэн байдаг. Гэвч бид өнөөдөр тэрхүү гурван баялгийнхаа нэг болох эх хэлээ хойч үедээ хэрхэн өвлүүлж байна вэ?

Өнөө цагийн хүүхдүүд тэр дундаа альфа үе буюу 2010 оноос хойшхи төрсөн хүүхдүүдийн дийлэнх хувь нь англи хэлээр ус цас мэт ярьцгаадаг болжээ.  Арга ч үгүй биз, өсөж буй орчин өмнөх үеийнхнээс эрс өөр. Тэд уншиж, бичиж сурахаасаа өмнө ухаалаг утас, таблеттай танилцаж, хүүхэлдэйн кино үзэж, цахим тоглоом тоглон, англи хэл дээрх контентыг өдөр тутам хэрэглэж байна. Зарим хүүхэд англи үг, хэллэгийг монгол үгнээс илүү амархан тогтоож, сонссон үгээ өдөр тутмын яриандаа ашиглаж байгаа аж. Дэлхийтэй холбогдох шинэ үеийн энэ чадвар сайшаалтай ч тэд төрөлх хэлээрээ бодож, сэтгэж, өөрийгөө бүрэн илэрхийлж чадаж байна уу гэсэн асуултыг  дагуулна.

Энэ асуудал зөвхөн цахим орчны хэрэглээгээр хязгаарлагдахгүй. Монгол Улс англи хэлийг боловсролын тогтолцоонд үндсэн гадаад хэл болгон нэвтрүүлж, гуравдугаар ангиас заах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг бодлогыг хэлэлцэж байх үед бага насны хүүхдийн эх хэлний суурь боловсролд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол ч гарч байв. Тухайлбал, МУИС-ийн англи хэлний багш, дэд профессор С.Соёлжин тухайн үед “Олон улсад бол 10 наснаас эхэлж гадаад хэл заахыг эрдэмтэд нь судалчихсан байдаг. Энэ нь ч үр дүнгээ өгдөг юм билээ. Гэтэл манай цахим орчноор нэгдүгээр ангиас нь эхэлж англи хэл заана гэсэн мэдээлэл цацагдсан. Багш хүний хувьд би эсэргүүцэж байна. Мөн сайдын хэлсэн гуравдугаар анги гэдэг ч үнэндээ хол сонсогдсон. Дөнгөж монгол хэлээ үзэж буй хүүхдүүд дахиад хэл сурна гэдэг хэцүү. Тиймээс олон улсын стандартыг баримталж, сайн туршлагаас хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөх байх” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Түүний хэлсэн болгоомжлол өнөөдөр бодит нөхцөл байдалтай хэрхэн нийцэж байгааг эргэн харах цаг болжээ. 2025–2026 оны хичээлийн жилээс төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангийн сурагчид англи хэлний Pearson хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цаг хичээллэх болсон. Ийнхүү гадаад хэлний сургалт бага ангиас эхэлж буй энэ үед англи хэл сурах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ монгол хэлний суурь боловсролыг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг асуудал улам чухал болов.

Энэ тухай Ардын уран зохиолч Т.Галсан “Эх хэлээ алдсан үндэстнээс зөвхөн Еврейчүүд сэргээж чадсан байдаг. Хятад улс гэхэд эх хэлэндээ харь үг нэгийг ч оруулдаггүй. Зөвхөн утгачилж, галиглаж хэрэглэдэг. Энэ орны хүчирхэг байгаагийн нэг нууц нь эх хэл нь халдашгүй дархан байгаатай холбож тайлбарладаг. Өнөөдөр манай сурагчид монгол үгээ мэддэггүй. Багш нар нь тайлбарлаад өгөх, хэлнийхээ сэтгэл зүй талын боловсрол байхгүй. Хичээлийн ном нь сурах биш урах бичиг болчхоод байна. Монгол хүн бүхэн эхлээд төрөлх хэлээ төгс эзэмших учиртай. Гэтэл өнөөдөр хүүхэд залуус маань эх хэлээрээ зөв бичиж чадахгүй байгаа нь тун харамсалтай. Эхлээд эх хэлээ сургачихаад дараа нь гадаад хэл заах нь л зөв болов уу” хэмээн өгүүлж байв.

Зохиолч, эрдэмтэн, бичгийн хүмүүн Бямбын Ринчен гуай алдарт “Монгол хэл” шүлэгтээ:

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ”
хэмээн эх хэлээ магтан өгүүлсэн. Монгол хүн бүрийн цээжлэн уншиж, бахархан санаж явах учиртай энэ шүлэг эх хэлний минь нандин үнэ цэнийг илтгэнэ. Улс гүрний тусгаар тогтнолын хамгийн том баталгааны нэг нь тухайн үндэстний эх хэл билээ. Гэвч өнөөдөр хүмүүсийн өдөр тутамдаа хоорондоо ярилцаж буй хэлний хэрэглээг анзаарвал ээдэж гашилсан сүү шиг амтгүй, эмх замбараагүй, эрээвэр хураавар болжээ. Үгийн баялаг нь хомсдож, уран тод дүрслэл нь сүүдэртэж, яруу тансаг найруулга нь ядмаг болсоор байна. Бид хоорондоо “hi”, “so sa”, “юу бна” гэхчлэн үг, өгүүлбэрээ товчлон харилцдаг болсон нь зөв бичих дадалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Монгол хэлний зөв бичих дүрмийг нэг мөр болгох зорилгоор 1941 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын боловсруулсан журамласан толь хэвлэгдэж, 1983 онд нэмэн засварлагдсан байдаг. Харин 2016 онд шинэчлэн хэвлэхдээ 700 гаруй үг нэмж оруулжээ. Учир нь хүн бүр өөрийн сурсан, мэдсэнээрээ бичих болсноор зөв бичихтэй холбоотой маргаан ихэссэн тул нийтээр баримтлах нэгдсэн журам шаардлагатай болсон юм.

Гэвч эх хэлний хэрэглээний доройтлыг зөвхөн хүүхэд багачуудын гадаад хэлний сонирхол, цахим хэрэглээтэй холбон тайлбарлах нь өрөөсгөл. Учир нь эх хэлнийхээ зөв хэрэглээ, найруулгын баялаг чанарыг хадгалж үлдэх үүрэгтэй насанд хүрэгчид, тэр дундаа боловсрол, хэвлэл мэдээлэл, нийтийн орчны хэлний хэрэглээнд ч анхаарах асуудал цөөнгүй байна. Энэ тухай МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, доктор, профессор Ц.Өнөрбаян “Эх хэлнийхээ ариун тансаг байдлыг хадгалах, баялаг чанарыг нь өвлүүлж үлдээхийн тулд аман болон бичгийн хэлээр хадгалагдан ирсэн уран сайхны эхийг уншиж, номын гүнд нэвтрэх хэрэгтэй. Зарим хэл найруулгыг ажиглахад үг нь монгол боловч өгүүлбэрийн бүтэц нь харь хэлний нөлөөнд автсан байдаг. Үүнд шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хурдацтай хөгжил ч нөлөөлж байна” хэмээн онцолжээ. Түүнчлэн тэрбээр эх хэлний хэрэглээ зөвхөн хувь хүний яриа, бичгээр хязгаарлагдахгүй, нийтийн орчинд ч алдагдаж байгааг анхааруулсан юм. Тухайлбал, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад, Улаанбаатар хотын гудамж талбайд монгол кирилл бичгээр хаяг, сурталчилгаагаа байршуулдаг байгууллага цөөрч, заримдаа эх орондоо яваа эсэхээ ч эргэлзмээр болсон тухай шүүмжилжээ. Эх хэлний дархлаа зөвхөн хүүхдэд юу зааж байгаагаар хэмжигдэхгүй. Харин бид өөрсдөө өдөр тутамдаа хэрхэн ярьж, бичиж, нийтийн орчноо ямар хэлээр бүрдүүлж байгаагаар хэмжигдэх нь гарцаагүйг уг яриа өгүүллээ.

Эх хэлээ хамгаалах нь гадаад хэл сурахыг эсэргүүцэх тухай биш. Харин төрөлх хэлний бат бөх суурь нь дараагийн хэлийг сурахад чухал гэдгийг хэл шинжлэлийн ухааны доктор Б.Ариунсанаа онцолжээ. Тэрбээр 2050 он гэхэд дэлхийн хэлний 50 хувь устах эрсдэлтэй гэсэн судалгаа байдгийг дурьджээ. Түүний үзэж буйгаар, хүүхэд бага ангидаа эх хэлний мэдлэгээ бататгаж, дунд ангиасаа гадаад хэлээ эрчимжүүлэх нь үр дүнтэй. Гэвч монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон 30 гаруй мянган хүүхдийн 46 хувь нь босго оноогоо давж чадаагүй гэх баримт эх хэлний боловсролд анхаарах шаардлагатайг харуулна. Монгол хүн дэлхийтэй олон хэлээр харилцаж болно. Харин өөрийгөө, түүх соёлоо илэрхийлэх эх хэл нь монгол хэл хэвээр үлдэх учиртай.

Эх хэлний дархлааг хамгаалах тухай асуудал иргэдийн санаачилгын түвшинд ч хөндөгдөж эхлээд буй. Тухайлбал, иргэн Б.Даариймаа “Эх хэлний дархлааг хамгаалах тухай” хуулийн төслийг санаачлан, аравдугаар сарын 13-ны өдөр D-Parliament цахим платформд өргөдөл үүсгэсэн байна. Гэвч өргөдөл нээгдсэнээс хойших 21 хоногт ердөө 32 хүн гарын үсэг зуржээ. Өдөр тутамдаа эх хэлний хэрэглээ доройтож байгаад шүүмжлэлтэй ханддаг хэр нь өөрчлөлт шаардаж буй иргэний санаачилгыг дэмжихэд ердөө 32 хүн л гарын үсэг зурсан нь бидний хэлдэг бахархал, гаргадаг үйлдлийн хооронд ямар их зөрүү байгааг харуулж байна.Тус өргөдөлд монгол хэлээр бүрэн илэрхийлэх боломжтой байхад шаардлагагүй гадаад үг хэрэглэх, зөв бичих, зөв ярих соёл алдагдаж буйд анхаарч, эх хэлний зөв хэрэглээг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхийг уриалжээ. Энэ нь гадаад хэл сурахыг хориглох бус, монгол хэлээр харилцаж буй орчиндоо эх хэлээ зөв, бүрэн хэрэглэх тухай санаачилга юм.

Харин эх хэлний хэрэглээний тухай энэ болгоомжлолыг зөвхөн өргөдөл, судалгаа, мэргэжилтнүүдийн байр суурь төдийхнөөр дүгнэхээс илүүтэй, хүүхдүүдийн өдөр тутмын харилцаанаас ч харж болно. Үүний нэг жишээ бол…Парк Од моллын тавдугаар давхарт байрлах “Claw Topia” тоглоомын газрын үйлчилгээний ажилтан Б.Шижирхуяг өдөр бүр нэгэн дүр зургийг ажигладаг. Түүний хэлснээр, тус газарт үйлчлүүлж буй хүүхдүүдийн 80 орчим хувь нь англиар ярьдаг аж. Өсвөр насныхан хоорондоо “Come on!”, “Let’s go!”, “Your turn!” хэмээн тоглож, инээлдэнэ. Харин гурваас дөрвөн настай бяцхан хүүхдүүд “Mommy, look!”, “Daddy, come here!”, “I want this one!” гэж аав, ээжийгээ дуудаж, хүссэн зүйлээ англиар илэрхийлэх нь ч бий. Дөнгөж хэлд орж буй багачуудын амнаас хүртэл ийм үгс сонсогдох болсон нь Б.Шижирхуягийн сэтгэлийг эмзэглүүлдэг аж. Тэрбээр энэ дүр зургийг харах бүрдээ “Эх хэлгүй эзэдтэй болчих вий” хэмээн харамсан боддогоо халаглан өгүүлэв.

Мэдээ бэлтгэсэн: Д.Отгонцэцэг

Энэ мэдээг хуваалцаарай
FacebookMessengerXTelegram

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top