Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

БАХАРХАЛ НЭГ ӨДРӨӨР ХЭМЖИГДЭХГҮЙ

Хуваалцах:
FacebookMessengerXTelegram
Төрийн хүндэт харуулын морьт цэргүүд Төрийн есөн хөлт Их цагаан тугийг залж буй нь

Өвлийн эхэн сарын жавар тачигнасан энэ өдөр Монголчуудын хувьд энгийн нэг амралтын өдөр биш. Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна.

Монголчууд жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их хааныхаа мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Харин энэ өдрийг 2012 оноос бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлж, үндэсний бахархлын өдөр болгосон юм.

Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Энэ жилийн Монгол бахархлын өдрөөр Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

Чингис хааныг зөвхөн байлдан дагууллаар нь бус, тархай бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэж, төр улсаа байгуулсан түүхэн гавьяагаар нь дэлхий нийт мэддэг. Түүний байгуулсан Их Монгол Улсын түүх өнөөдөр ч монголчуудын үндэсний ухамсар, соёлын нэгэн чухал хэсэг хэвээр байна.

Гэхдээ бахархал гэдэг зөвхөн төрийн далбаа мандуулж, хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр хязгаарлагдахгүй. Өвөг дээдсийнхээ түүхийг мэдэх, эх хэлээ хайрлах, өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэх нь ч Монгол бахархлын нэг илэрхийлэл юм.

864 жилийн өмнө мэндэлсэн Их хааны нэр өнөөдөр ч монголчуудыг нэгтгэж, өөрийн түүхээ эргэн харах боломжийг олгосоор байна.

Мэдээ бэлтгэсэн: М. Мишээл

Энэ мэдээг хуваалцаарай
FacebookMessengerXTelegram

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top