Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

МОНГОЛ БАХАРХЛЫН САР БОЛГОН ЗАРЛАЛАА

Хуваалцах:
FacebookMessengerXTelegram

Монгол бахархлын өдөр зөвхөн өнгөрсөн үеийн түүхийг дурсах өдөр биш. Харин монгол хэлээрээ ярьж, үндэсний бичгээ хэрэглэж, өв соёлоо орчин цагтайгаа холбох тухай эргэцүүлэх боломж юм. 

Арваннэгдүгээр сарын 10-нд тохиож буй Монгол бахархлын өдрийг угтан энэ сарыг “Монгол бахархал Соёлын бүтээлч сар” болгон зарлажээ. Соёл, урлагийн газраас санаачилсан уг аяны хүрээнд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний өв уламжлалыг хүүхэд, залуучуудад таниулах чиглэлээр улс, орон нутгийн хэмжээнд ажиллахыг соёлын байгууллагуудад чиглэл болгосон байна. 

Үндэсний бичиг гэдэг бидний хувьд зөвхөн хичээлийн дэвтэрт үлдэх ёстой зүйл биш. Өнөөдөр цахим орчинд харилцах, зурагтаар нэвтрүүлэг үзэх, сошиал сүлжээнд мэдээлэл унших нь залуусын өдөр тутмын хэрэглээ болсон. Энэ орчинд монгол хэл, бичгээ хэрхэн хадгалж, түгээн дэлгэрүүлэх вэ гэдэг асуудал чухал хэвээр байна. 

Тухайлбал, монгол бичгээр нэрээ бичиж сурах, үндэсний үг хэллэгийн утгыг мэдэх, уламжлалт зан заншлынхаа учрыг ойлгох зэрэг энгийн үйлдэл ч өв соёлоо танин мэдэх нэг алхам юм. 

Хүн бүр заавал түүхч, судлаач болох албагүй. Харин өөрийн хэлээр зөв ярьж, бичиж, өвөг дээдсээс уламжилсан үнэт зүйлсээ дараагийн үедээ дамжуулж чаддаг байх нь чухал. 

Монгол бахархал гэдэг бидний өвөг дээдсийн үлдээсэн түүх төдийгүй бидний өдөр тутмын хэрэглээ, сонголт, хандлагад оршдог. Тиймээс өв соёлоо хамгаалах хамгийн энгийн арга нь түүнийг зөвхөн баярын өдөр санах бус, өдөр бүр амьдралдаа хэрэглэх явдал юм.

 

Мэдээ бэлтгэсэн: Э.Бат-эрдэнэ

Энэ мэдээг хуваалцаарай
FacebookMessengerXTelegram

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top